ЭМХТ-ийн ЭЭЭШСҮАЗА , “Мөнхөд цохилох зүрх” ТББ хамтран “Донор танд баярлалаа” талархалын өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байна. Өдөрлөгөөр бусдад амьдрал бэлэглэсэн доноруудаа алдаршуулан талархал илэрхийлэх, донорын үйл ажиллагааг сурталчилах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийх зэрэг ажлууд зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгт амьд болон амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгуулсан болон Донор болсон 150 орчим хүн хүрэлцэн ирж эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараах амьдралын чанарын талаар ярьж, амьдрал бэлэглэсэн донор, эмч, эмнэлгийн мэргэжлтнүүддээ талархал илэрхийллээ. Мөн энэ үеэр тус төвийн ЭЭЭШСҮАЗА-ны дарга Төрийн соёрлхолт, Хүний гавьяат эмч П.Батчулуун бусдад амьдрал бэлэглэсэн Тархины үхэлтэй доноруудыг дурсан нэг минут босож зогсохыг хүссэн бөгөөд нийт Донорууддаа мэхийн талархалаа илэрхийлсэн билээ.
Энэхүү эмчилгээний тусламжтайгаар амь нас нь аврагдсан иргэд, тэдний гэр бүлийн зүгээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, донорууд, тэдгээрийн гэр бүлд талархлаа илэрхийлэх өдрийг тогтмол тэмдэглэж байхаар санал дэвшүүлж дэмжигдлээ.
Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний болон Донорын талаар та бүхэнд цухас мэдээлэл хүргэе.
Монгол улс 1996 онд хамгийн анхны бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан түүхтэй.
Донорыг амьд, амьгүй гэж хоёр ангилан үздэг. Амьд донор нь гэр бүлийн төрсөн ах, эгч, дүү аав ээж нь сайн дурын үндсэн дээр элэг, бөөрөө хандивладаг. Амьгүй донор нь тархины үхэлтэй нь оношлогдсон тохиолдолд гэр бүлийн зөвшөөрлөөр эд, эрхтэнийг нь шилжүүлэн суулгадаг.
Манай улсад 2018 онд Донорын тухай хуулийг шинэчлэн баталж хэрэгжиж эхэлснээр амьгүй донор илрүүлж буй эрүүл мэндийн байгууллагын тоо, тохиолдлын тоо тогтвортой өсөж эхэлсэн. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа өргөжин хөгжиж олон хүний амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулах болсон билээ. Өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 342 хүнд бөөр, 239 хүнд элэг, 32 хүнд ясны чөмөг үүдэл эс, Хавдар судлалын үндэсний төвд 128 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг тус тус амжилттай хийгээд байна. Үүнээс 26 тархины үхэлтэй донороос 39 хүнд бөөр, 25 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж 64 хүнд амьдрал бэлэглээд байна.
Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн хүлээлгийн жагсаалтад бүртгүүлсэн иргэдийн тоо 1000 даваад байна. Хүлээлгийн жагсаалтад байгаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд тархины үхэлтэй донорын тоог нэмэгдүүлэх нь чухал юм.